Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Касым-Жомарт Кемелевич Токаев,
Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та миний урилгыг хүлээн авч, өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн энэхүү түүхэн айлчлал нь 2008 оноос хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй бөгөөд манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататгаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Манай хоёр улс эрт дээр үеэс түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой аж төрж ирсэн ахан дүүсийн харилцаатай эсгий туургатан ард түмнүүд билээ.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлж, Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэрийг бид хамтдаа гаргалаа.
Энэ нь манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ үеийг эхлүүлэх онцгой чухал үйл явдал боллоо.
Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны “Стратегийн түнш” орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.
Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа хамтдаа тодорхойллоо.
Айлчлалын үр дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг гаргаж байгаадаа баяртай байна.
Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг чухал салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа.
Мөн манай хоёр улс харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх өргөн нөөц бололцоондоо тулгуурлан зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо.
Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд тээвэр, логистикийн шинэ маршрут бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхээр тохирлоо.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ыг байгууллаа.
Хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэн нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүд байгууллаа.
Мөн хоёр улсын зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнээ харилцан нийлүүлэхээр тохирч, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны бизнесийн зөвлөлийн анхдугаар хурал амжилттай болж, хоёр орны аж ахуйн нэгжийн олон төлөөлөл оролцон, Монгол, Казакстаны бизнесийн зөвлөл байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзэл өндөр байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байна.
Соёлын харилцаа нь манай хоёр орны иргэдийг холбох чухал гүүр бөгөөд энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ.
Монгол, Казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх, шинжлэх ухаан, стратеги судалгааны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүх, археологийн хамтарсан судалгаа хийх, эсгий туургатны болон нүүдлийн соёл иргэншлийг дэлхий нийтэд хамтран таниулахаар тохирлоо.
Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлал болон мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулсан нь соёлын өдөрлөг, аялал жуулчлалын арга хэмжээг хамтран зохион байгуулах, хил орчмын болон нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг дэмжихэд чухал түлхэц болно. Цаашид мэдээллийн технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулан хэрэгжүүлэхээр боллоо.
Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд тус байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.
Энэхүү олон улсын судалгааны төвийн хүрээнд талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах, байр сууриа нэгтгэх, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Тантай Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан Стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүргэж, манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.
Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө бодит ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Казахстаны ахан дүүсийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай зочлохыг урьж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Юуны түрүүнд Улаанбаатар хотод төрийн айлчлалаар хүрэлцэн ирэхийг урьсан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Халуун дотно сэтгэлээр угтаж буй Монголын нийт ард иргэдэд талархал илэрхийлье.
Миний бие энэ удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол бүс нутаг дахь бидний чухал хөрш орон билээ. Бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг, нийтлэг түүх, оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй.
Өнөөдрийн уулзалт маань казахын түүхэнд онцгой орон зай эзэлдэг Зүчийн Улсын 800 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь манай хоёр орны хувьд бэлгэдлийн ач холбогдолтой билээ.
Сүүлийн жилүүдэд Казах, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна.
Бат бөх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт харилцан үр ашигтай харилцаа, холбоог хөгжүүлэхэд түлхэц болно. Түүнчлэн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.
Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хэлэлцээ маш амжилттай болж өнгөрлөө. Эдийн засгийн харилцааг сэргээхээр тохиролцлоо. Казахстан, Монгол Улс нь Ази дахь томоохон орнуудын ангилалд багтдаг. Тийм учраас худалдааны эргэлт нь өргөн хүрээг хамрах учиртай.
Өнгөрсөн жилүүдэд худалдааны хэмжээ 150 сая ам.долларт дөхсөн. Энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд 500 сая ам.доллар болгохоор ярилцлаа. Үүний тулд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаанд учирч буй саад, бэрхшээлийг арилгах зэрэг чиглэлээр хоёр орны Засгийн газар бодитой арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр Худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх тухай замын зураглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр талт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Үүнээс гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр логистик болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцээ хийлээ. Казахстанд малын өвчний эсрэг вакцин гаргаж авах боломж бий. Цаашид Монгол Улсад вакцины үйлдвэр байгуулахаар тохирлоо.
Түүнчлэн шинэ технологи, ашигт малтмалын баялгийг хамтран ашиглах, хөрөнгө оруулах талаар ярилцлаа. Миний бие Казахстаны цахим Засгийн газар, кибер аюулгүй байдал болон сансар судлалын салбар дахь ололт, амжилтуудын талаар дурдлаа.
Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй. Төмөр, фосфат, боксит болон ховор эрдсийн уурхайн хайгуул, ашиглалтын чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой.
Казахстаны бизнес эрхлэгчид уул уурхайн салбарт хамтрахад бэлэн байна.
Хэлэлцээний үеэр тээвэр логистикийн талаар санал солилцлоо. Олон улсын коридоруудын өрсөлдөөний чадавхыг нэмэгдүүлэх нь чухал байна. Улс хоорондын болон бусад оронтой тээврийн харилцааг хөгжүүлснээр манай хоёр орны газар нутгаар дамжин тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ. Транс-Каспийн чиглэл болон урд, хойд коридорыг ашиглах нь чухал юм.
Өчигдөр Улаанбаатар хотод хоёр орны Бизнесийн зөвлөлийн анхны уулзалт болж өнгөрлөө. Энэ үеэр бизнес эрхлэгчид маань худалдааны гэрээ болон бусад олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газар хамтарсан аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр ажиллах учиртай.
Өдгөө Астана, Улаанбаатар хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд энэ харилцааг бусад аймгийн хооронд хөгжүүлэх нь зүйтэй юм.
Монголын казах иргэд бол бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ялдамд элэг нэгтнүүдэд маань байнга анхаарал хандуулдаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлье.
Бид боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны талаар онцгой анхаарч ярилцлаа. Залуусын харилцаа холбоог нэмэгдүүлэх шинэ санаачилгын талаар ч хэлэлцлээ. Казахстаны их, дээд сургуулиуд монголын залуусыг хүлээж авахад хэзээд бэлэн. Эрдэмтэн, судлаачид, сэхээтнүүдийн төлөөллийг нийтлэг түүхээ хамтран судлахыг уриалж байна.
Эдгээр чухал алхмууд хоёр орны хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,
Казахстан, Монгол Улс нь олон улсын болон бүс нутгийн түвшинд нягт харилцаа тогтоосон. Олон чухал зүйл дээр ижил байр суурьтай байдаг. Хамтын ажиллагаа маань дэлхийн болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хөгжиж байна. Нэн ялангуяа Ази дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандууллаа.
Одоогийн геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй байдалд байна. Тиймээс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, зөвлөлдөх нь чухал юм. Бид хоёр талт болон олон талт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.
Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзлийг дэмждэг.
Өнөөдрийн айлчлал манай хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх нь тодорхой. Монголын ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе.
Бидний нөхөрлөл үүрд мөнх байх болтугай.
Та бүхэнд баярлалаа.